Нүүр хуудас > Uncategorized > “Европын мэдээ” сонин

“Европын мэдээ” сонин

Хоёр сарын өмнөөс энэ сонинд хянагч редактороор ажиллах боллоо. Европод амьдарч байгаа монголчууддаа зориулсан сар тутмын сонин гаргах гэж байгаа залуус блогийг маань үзээд надад хамтарч ажиллах санал тавьсан юм.

Бид ямар ч байсан сониныхоо эхний хоёр дугаарыг гаргаад байна. Одоохондоо 16 нүүрээр гарч байгаа. Эхний дугаараа цагаан сард, харин хоёрдахийг нь эмэгтэйчүүдийн баярт зориулсан. Улс төр, шашны элдэв өнгө будаггүй, ёс зүйтэй мэдээлэл түгээх зарчим баримталж байна. Европын, тэр дундаа Унгар дахь монголчуудад зориулсан хууль эрх зүйн зөвлөгөө, их дээд сургуульд суралцах боломжуудын талаар болон бизнес, чөлөөт цагт зориулсан мэдээлэл, Европод ажиллаж амьдарч байгаа монголчуудтай хийсэн ярилцлагууд нийтэлж байна. Унгар дахь монголчуудад зориулсан мэдээлэл түлхүү оруулж байгаа. Яваандаа Европын монголчууддаа зориулсан нийтлэг мэдээлэл түгээх зорилготой. Өнгөтөөр хэвлэгдэж байгаа тул уншигчдаас ирүүлсэн Монгол орон, монголчуудын амьдралыг харуулсан сонирхолтой гэрэл зураг нийтлэх төлөвлөгөө ч бас бий.

Сонины эрхлэгч нь Миклош гэдэг унгар залуу бий, энэ ажлыг санаачилсан, бүх зохион байгуулалтын ажлыг нь хариуцаж байгаа. Сурвалжлагч, зөвлөхүүд дунд ч Монголд элэгтэй унгарчууд бий. Мөн Унгарт суралцаж байгаа монгол оюутнууд, ахмад дипломат, судлаачид энэ багт ажилладаг. Миний үүрэг бол сэтгүүлчдийнхээ бэлтгэсэн материалын утга найруулгыг хянах. Төгсөх дөхөөд, хичээл шалгалт шахуу байгаа тул мэдээ, нийтлэл бэлтгэх ажилд төдийлөн оролцохгүй байгаа.

Сонин маань үнэгүй тараагдаж байгаа, яваандаа зар сурталчилгаанаас зардлаа нөхнө гэсэн бодолтой. Европоор нэг тарсан монголчуудад сониноо хүргэнэ гэдэг л хамгийн ярвигтай ажил бололтой. Интернэтээр бүх төрлийн мэдээллийг хурдан шуурхай авчихдаг болсон өнөө үед дан ганц сонин хэвлэж мэдээлэл түгээх нь өрөөсгөл учраас вэб хуудас (www.eumedee.com) нээж, сонинд хэвлэгдсэн болон бусад материалаа туршин нийтэлж эхэлсэн. Сонинд ч тэр, вэб хуудаст ч тэр, засч сайжруулах, хийж гүйцээх юм их байна. Хэвлэл мэдээллийн салбарт ажилласан туршлага байхгүй хэсэг залуус ийм нэг сайн дурын ажил эхлүүлээд явж байна. Уншигч танд “Европын мэдээ” сонинд нийтлэгдсэн материалын талаар санал шүүмж болон Европод амьдардаг монголчуудтай хуваалцах мэдээлэл байгаа бол тус сонины  eumedee@eumedee.com  хаягаар и-мэйл бичээрэй.

БүлгүүдUncategorized
  1. tegeshi
    2012/04/17 00:49 орчимд

    Сонины хамт олонд амжилт хүсье.

  1. No trackbacks yet.

Сэтгэгдэл бичих