Нүүр хуудас > Аялал > Братислав хот

Братислав хот

Дадлагаа эхлэхээс өмнө амжаад Братислав, Берлин, Парис, Прага хоттой товчхон танилцаад ирлээ. Энэ тухай цуврал тэмдэглэлээ Братислав хотоор хийсэн аяллаар эхэлье.
Социализмийн үед Чехословак гэж нэртэй байсан улс хоёр салсны нэг нь Словак улс бөгөөд 2004 онд Европын холбооны гишүүн болжээ. Братислав хот Словак улсын нийслэл. 500 мянга орчим хүнтэй, Дунай мөрний хөвөөнд орших жижгэвтэр энэ хот жуулчдын сонирхлыг их татдаг газар ажээ. Энэ нь байшин барилгын хуучны өвөрмөц хэв маяг, арвин их үүх түүхтэй нь холбоотой ч Братиславын газар зүйн байрлал бас чухал нөлөөтэй. Австрийн Вена хоттой маш ойрхон буюу 60 км зайтай бөгөөд “Ихэр хот” гэсэн төсөл хэрэгжиж байгаа аж. Братислав Будапешт хоёр ч холгүй, автобусаар 2 цаг гаруй явах газар. Европын томоохон хотууд руу хямдхан, шууд нисэхийн тулд Вена, Будапештээс хүмүүс Братиславыг зорих нь элбэг. Төмөр зам, автозамын зангилаа газар учраас Төв Европоор газраар аялж яваа жуулчид Прагаас Будапешт, эсвэл Вена орох зам дагуу байх энэ хотоор заавал зочилно. Вена, Будапешт рүү усан онгоцоор явсан ч болно.

Хотын хуучин төв нь харьцангуй жижигхэн, цаг орчим алхахад төвийн хэдэн гудамжийг нь тойрчихно. Жижиг дөрвөлжин чулуу шигтгэсэн замтай, нарийхан гудамжтай, 3-4 давхраас хэтрэхгүй намхан байшингуудтай, европын л нэг хуучны хот харагдана. Төв хэсэгтээ элдэв барилга бариулалгүй хуучин хэвээр нь авч үлдэж чаджээ. Байшингуудад нь ихэвчлэн зочид буудал, ресторан, дэлгүүрүүд байрлана.

Үйлчилгээний газар болгон л усан оргилуур, жижиг хөшөө баримал, эсвэл цэцэг мод ч юмуу ямар нэг өвөрмөц зүйлээр ойр орчимдоо өнгө нэмсэн байх юм. Эдгээрээс гурван жижиг хөшөө их алдартай. Эхнийх нь “Папараци”. Байшингийн булангаас нууцаар зураг авч буй зурагчны энэ хөшөө “Папараци” гэх рестораны дэргэд байна. Дараагийнх нь “Ажиглагч” гэх, траншейны нүхнээс цухуйн гудамж руу харж байгаа ажилчин байрын хүний хөшөө байна. Бас л санаанд оромгүй өвөрмөц бүтээл юм. Энэ хөшөө хэд хэдэн удаа толгойгоо алдаж байжээ, хайхрамжгүй жолооч нараас болоод. Хажууханд нь бас түүнтэй адил хувцас өмсөж нүүрээ будсан хүн түүнийг дуурайн зургаа авахуулж мөнгө нэхэж харагдана. Харин гуравдахь нь “Сайхан Нази” гэх, малгайгаа аван мэндэлж буй хүний хөшөө. Домог яриагаар бол бүтэлгүй дурлалаасаа болоод мэдрэл муутай болсон нэгэн эр ядуу зүдүү ч гэсэн дөчин жилийн турш цэмцгэр хувцаслаж, хотын гудамжаар үргэлж л баясгалантай явдаг байж. Хүмүүс түүнд хоол унд өгөх ба харин тэр хажуугаар өнгөрөх бүсгүйчүүдэд цэцэг өгдөг байжээ.

Хотын хуучин дүүргээс цааш өндөр байшинтай, орчин үеийн дүүргүүд үргэлжилнэ. Дунай мөрөн дээгүүрх гүүрүүд нь бас их алдартай.

Словак хэл орос хэлтэй тун ойролцоо сонсогдоно. Славян ах дүүс дээрээ ирж байгаа орос жуулчид маш олон тааралдаж байлаа. Тэтгэврийн насны хөгшчүүдээс бүрдсэн япон жуулчдын хэд хэдэн том баг бас таарав. Туркүүд, хятадуудын ажиллуулдаг хоолны газар олон харагдана. Хотын төв хэсэгт таарсан нэг бараан зах дээр вьетнам голдуу худалдаачид ажиллаж байв.

Словак улс хэдэн жилийн өмнө мөнгөний системээ евро луу шилжүүлсэн ч хөрш зэргэлдээ Унгар, Чехээс харьцангуй хямд өртөгтэй юм шиг санагдсан. Сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн эдийн засгийн бодлого нь үлгэр жишээд тооцогддог. Братислав хот хүмүүс нь найрсаг, жуулчдыг эс тооцвол хөл хөдөлгөөн багатай, тайван сайхан газар байна.

БүлгүүдАялал
  1. Manlai
    2011/07/25 02:26 орчимд

    Amar taivan hot bn. barilga baiguulamj uzver uilchilgee sn yum shig bn. iimerhuu gazar aj uildveriin biznes her bdiin bol?

    • 2011/07/25 08:35 орчимд

      Хотоос зайдуу том том үйлдвэрийн барилгууд, агуулахууд их харагдана лээ. Өртөг зардал хямд, зам сайтай болохоор Баруун европчууд үйлдвэрүүдээ Чех, Словак, Унгар луу их зөөж байгаа юм билээ.

  2. Mungi
    2015/05/13 13:39 орчимд

    Сайхан бичжээ, Маргааш Братислав явахад хэрэг боллоо, Баярлалаа

  3. 2016/05/16 10:48 орчимд

    uneheeer hereg bolson shuu. uuriin jin niitlel 🙂 bayarlalaa sonirholtoi blog bnaaa. urgeljluulj blogoo hutluhgui bgamuu? haramsaltai yum. ooor olon shn medeelel oluuulbal 🙂

  1. No trackbacks yet.

Сэтгэгдэл бичих